НЭГ ДОР 3 ЗҮЙЛ БОХИО (Ногоон
нуурт шувуу ажигласан тэмдэглэл цуврал 3)
Тэмдэглэлийг С.Түвшинтөгс (Монголын шувуу ажиглагчдын клуб)
Уламжлал ёсоор амралтын өдөр шувуудын хаврын нүүдэл ажигласан тэмдэглэлээ
оруулж байна. Энэ удаагийн ажиглалтаар гойд сайн зураг дараагүй хэдий ч манай
оронд тохиолддог гурван зүйл бохиог нэг дор харсан, өөртөө шинээр хоёр зүйл
харсан “ёндоотой” өдөр байлаа. Ингээд үзэх зураг муутай ч гурван зүйл бохионы
талаар голлосон товч тэмдэглэлээ толилуулая.
Өглөө 10 цагийн үед зүүн талын цэвэр устай нууран дээр ирж ажиглалт хийв.
Энд урьдын адил Гэзэгт шумбуур (Aythya
fuligula), Алаг шунгаач (Bucephala clangula),
Хумхин бохио (Mergus merganser)
Тураг гогой (Phalacrocorax carbo), Мөнгөлөг цахлай (Larus mongolicus) зэрэг шувууд
байхаас гадна Улаан хүзүүт шумбуур
шинээр иржээ. Мөн нуурын гол хэсэгт 230 орчим хүрэн-толгойт цахлай бөөнөөрөө
сэлцгээж байв. Цахлайнаас бусад шувууд миний бараанаар л үргэж, ийш тийш
нисэлдэн тайван бус болсон учир би яаран холдлоо.
Эндээс дараагийн тогтоол дээр
очиход ганц ч усны шувуу байсангүй харин ойр орчмын бут бургас, усны эрэг
орчмоор Харзны шийхнүүхэй (Anthus spinoletta) маш олон (30<), Науманны
хөөндэй (Turdus naumanni) -2, Өвөөлж (Upupa epops) -1 тус тус ажиглагдлаа.
Дараа нь том
нууран дээр очвол нуурын голд Халзан түнжүү (Fulica atra)
шинээр харлаа. Энд өмнө ажиглагдсан усны шувууд олноороо байх агаад Хошуу
галууны тоо ч нэмэгдсэн байв.
Хошуу галуу (Anser cygnoides), 2016-04-24. Ногоон нуур. |
Бор нугас (Anas strepera), 2016-04-24. Ногоон нуур. |
Энэ
бохир усны урд талаар хэд хэдэн харьцангуй цэвэр устай цүнхээлүүд байх агаад
эдгээрийн нэгэнд гоёмсог Цахиур бохио (Mergus
albellus) -той
гэнэт тулгарч араас нь хэдэн зураг дарж амжив. Энэ зүйл шувууг өнгөрсөн жил
манай шувуу ажиглагч, шувууны гэрэл зураг дардаг нөхөд маань яг энэ орчимд харж
сайхан зургууд дарж байсан бол миний хувьд зөвхөн ганц удаа Дарьганга сумын
Зэгст нууранд эм шувууг нь хаврын нүүдлийн үед нь харж байсан.
Эрэгчин
шувуу нь цасан цагаан өнгөтэй, панда шиг нүдээ тойрсон хар толботой, цээж болон
зулайн хажуу талаараа нарийн хар судалтай мөн нуруу, далавчны дэвүүр өд хар
өнгөтэй үнэхээрийн чамин ганган шувуу.
Эр Цахиур бохио (Mergus albellus), 2016-04-24. Ногоон нуур. |
Манай
оронд үрждэггүй, ганц нэгээр эсвэл багахан хэмжээтэй сүргээр нүүдлийн үедээ
болон зусах байдлаар тохиолддог. Увсын хотгорын хойд хэсэг, Их нууруудын
хотгор, Завханы цөлөрхөг хээрийн хотгор, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулс,
Дархадын хотгор, Орхон-Сэлэнгийн ай сав, Хэнтийн нуруу, Буйр нуур-Халх
гол-Хянганы бүс нутгийн томоохон цэвэр болон давсархаг устай нуурууд, томоохон гол, зэгс бүхий усан
сангууд бусад ус намгархаг газраар
нүүдлийн үедээ тохиолддог.
Эр, эм Цахиур бохио, 2016-04-24. Ногоон нуур. |
Цахиур
бохио анх харсан газраас зүүн тийш алхаж хамгийн түрүүнд ирсэн нуурыг ахиж
шалгаад, ганц нэг усны шувууны зураг дарах санаатай зүүн хойд талын эрэгт
хүлээж хэвтэв. Нуурын зүүн эрэг орчимд усны шувууд нэлээдгүй олноороо хооллоцгоож
байх ажээ. Шувуудын дотор түрүү харсан цахиур бохио (1 эр, 3эм)
-ууд ч ирчихсэн
байв. Аз байвал цахиур бохионы зурагтай болчих санаатай горьдон хэвтэв ээ.
Цахиур бохионууд, 2016-04-24. Ногоон нуур. |
Энд 40
орчим минутын дараа нэг хос Xумхин бохио (Mergus merganser) надаас 20 гаран метрийн зайд сэлж өнгөрөв. Үүний
дараа хэд хэдэн хумхин бохио сэлж өнгөрсөн ч нар миний эсрэг талд байсан учир
сайн зураг дарж чадсангүй.
Эр Xумхин бохио (Mergus merganser), 2016-04-24. Ногоон нуур. |
Эм Xумхин бохио (Mergus merganser), 2016-04-24. Ногоон нуур. |
Хамгийн сүүлд 2 эм бохио сэлж өнгөрсөн нь хумхин
бохионоос бага зэрэг ялгаатай, нүд улаан, хошууны үзүүр бараг шулуун ажээ. Ямар
ч байсан тодорхойлж болох хэмжээний хэд хэдэн зураг дарж гэрт очсон хойно
шалгаж үзвэл Сэвгэр бохио (Mergus
serrator) -той
адил ажээ. Зургийн ч шувуу ажиглагч, судлаач нөхөд рүүгээ илгээвэл баталж
өглөө. Надад бас нэг шинэ зүйл нэмэгдэх нь тэр дээ.
Эм Сэвгэр бохио (Mergus serrator), 2016-04-24. Ногоон нуур. © С.Түвшинтөгс |
Сэвгэр
бохионы эрийн толгой хар ногоон өнгөтэй, хүзүү цагаан, цээж нь улбар шар-хүрэн
өнгөтэй, нуруу хар, мөр хар бөгөөд цагаан толбонуудтай, эмийн толгой улаан
хүрэндүү, толгойн хүрэн өнгө хүзүү, цээж хүртэл ууссан байдалтай аажим
бүдгэрсэн, их бие саарал, нүд улаан,
хошууны үзүүр бараг шулуун зэрэг шинжээр хумхин бохионоос ялгагддаг.
Сэвгэр
бохио нь Монгол оронд нүүдлийн үедээ дамжин өнгөрөх байдлаар тохиолддог, бөгөөд
тохиолдсон газруудыг улаан данснаас харвал Сэлэнгэ голын хөндий, Баянхонгор
аймгийн Тэрхийн цагаан нуур, Өвөрхангай аймгийн Өгий нуур түүний орчим тэмдэглэгдсэн
гэжээ. Харин өнгөрсөн жил Төв аймгийн Гүн галуутайд хаврын нүүдлийн үед нь нэг
эм шувууг шувууны гэрэл зурагчин, биологич Б.Отгонбаяр ажиглаж байжээ. Ер нь
энэ зүйл бохио манай оронд ховор тохиолддог бололтой.
Хэдийгээр
цахиур бохионы зураг дарж чадаагүй ч нэг дор Монгол оронд тохиолддог гурван
зүйл бохиог харсан, өөрийн жагсаалтад 2 зүйл шувуу шинээр нэмсэн азтай өдөр
байж, дараагийн амралтын өдрийг тэсэн ядан хүлээх урам зориг надад төрлөө.
Зүйлийн
жагсаалт
1 Хөх дэглий - Ardea
cinerea -30
2 Тураг гогой - Phalacrocorax
carbo -7
3 Хошуу галуу - Anser
cygnoides -32
4 Хондон ангир - Tadorna ferruginea -4
5 Зэрлэг нугас - Anas
platyrhynchos -60<
7 Ногоохон нугас - Anas
crecca -50<
8 Бор нугас - Anas
strepera -25
9 Зээрд нугас- Anas penelope -10
10 Халбага нугас - Anas
clypeata -2
11 Гэзэгт шумбуур - Aythya
fuligula - >20
12 Алаг шунгаач - Bucephala
clangula -50<
13 Хумхин бохио - Mergus
merganser >30
14 Сэвгэр бохио - Mergus serrator – 2
15 Цахиур бохио – Mergus
albellus – 4
16 Бахим бүргэд - Hieraaetus
pennatus - 1
17 Сохор элээ - Milvus
migrans -4
18 Идлэг шонхор - Falco
cherrug -1
19 Начин шонхор - Falco
tinnunculus -1
20 Халзан түнжүү – Fulica atra – 7
21 Өвөгт тогоруу - Anthropoides virgo - 2
22 Хүрэнтолгойт цахлай - Larus
ridibundus -237
23 Мөнгөлөг цахлай - Larus mongolicus - >20
24 Харзны шийхнүүхэй - Anthus
spinoletta – 30<
25 Хөх цэгцгий - Motacilla alba -53
26 Алаг шаазгай - Pica pica -10<
27 Хар хэрээ - Corvus
corane -Тоолоогүй
28 Хон хэрээ - Corvus
corax -Тоолоогүй
29 Адууч чогчиго - Oenanthe
oenanthe - 4
30 Бүжимч чогчиго – Oenanthe
isabellina - 2
31 Науманны
хөөндэй - Turdus naumanni -5
32 Сибирь хайруулдай - Prunella montanella -1
Сайхан бичвэр, тэмдэглэлүүд байна. Цаашдынх нь их ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Эхлэл бүр нь ерөөлтэй байж, эрдэм шинжилгээний бүтээлд зорьж, ирж буй цагийн урсгалыг дагах биш сөрж, ихийг хийж бүтээгээрэй!
ReplyDelete