Sunday, May 1, 2016

Мандир уранхажины сургаар Гачууртад шувуу ажигласан тэмдэглэл

Тэмдэглэлийг С.Түвшинтөгс (Монголын шувуу ажиглагчдын клуб)
Гэрэл зурагчин С.Соёлболдын анх харж зургийн дарсан Мандир уранхажин (Aix galericulata) нугасыг харах санаатай өглөө эртлэн Улаанбаатар хотын зүүн захруу Л.Жаргал ахын хамт хөдөллөө. Бид 8:00 цагийн үед зорьсон газраа ирж, нарны гэрлийн дагуу Туул голыг уруудан алхав. 
Энд харсан хамгийн эхний шувууд бол Өвөөлж (Upupa epops), Алаг шунгаач (Bucephala clangula), Хумхин бохио (Mergus merganser), Хөх цэгцгий (Motacilla alba) байлаа. Эдгээр шувууд хэдэн долоо хоногийн өмнөөс л ажиглагдаж эхэлсэн учир сонирхол тэгтлээ их татсангүй, тэгээд ч гэрлийн өнцөг тохиромжгүй байсан тул зураг дарсан ч хэрэг алга. Иймээс харахыг хүссэн шувуугаа хайсаар цааш алхлаа.
Голын эрэг орчимд нэгэн бяцхан шувуу дуугаран гүйхийг харвал Нарийн хиазат (Charadrius dubius) алсын нүүдлээсээ иржээ. Энэ хавар харсан анхны тохиолдол болов. 

Нарийн хиазат (Charadrius dubius). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс
Голын эрэг дагаж шувуугаа хайж алхсаар төд удалгүй бид хоёрт аз тохиож зорьсон шувуугаа олж харлаа. Эр шувуу нь солонгын долоон өнгөөр гоёсон хэтэрхий ганган амьтан ажээ. Ийм гоёмсог, донж маягтай шувуу урьд нь би лав хараагүй. Эм шувуу нь хөх саарал өнгөтэй, хүзүү, цээж, хэвлийн хажуу талаараа цагаан толботой эр шувууныхаа дэргэд бол анхаарал татхааргүй царай муутай. Хоёр шувуу голын эсрэг талд эрэг даган сэлэн явсанаа биднийг хараад голын эрэг дээр гарч, модны араар далд оров. Энэ үед бид буцаж гарч ирэхийн хүлээхээр шийдэж голын эрэгт дөхөж ирээд хэвтэв. Удаж төдөлгүй тэд 40 орчим метрийн цаанаас гарч ирэв. Хэдий хол зайтай ч бид энэ мөчийг хүлээж байсан тул тасралтгүй шахам л зураг дарж байлаа. Ямар ч байсан бүртгэлийн зураг (record shot) -тай болоод авах нь тэр дээ.

Мандир уранхажин (Aix galericulata). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. 
Миний харсан шувуудын зүйлийн тоо ч 211 хүрч, долоо хоног бүр л шинэ зүйл харж мэлмийгээ баясгаад юутай сайхан. Хангалттай олон бүртгэлийн зурагтай болсон учир илүү ойроос зураг дарах шунал хөдөлж, ярилцах зуур голын цаанаас нохой дагуулсан хүн гарч ирээд шувуудыг маань үргээж орхилоо. Шувууд үргээд нисчихсэн, тэнгэр ч бүрхэг бороо ганц нэг дусалж эхэлсэн учир бид буцах тийш хандлаа. 

Эр Мандир уранхажин (Aix galericulata). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. 
Буцах замаараа голын хойд эрэгт байх хайлаасан төглийг шалгавал Буурал тоншуул (Picus canus), Цоохор тоншуул (Dendrocopos minor)  таарав. 
Буурал тоншуул (Picus canus). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс
Мөн нарийн хиазатын хэд хэдэн хос дуугаран газраар гүйлдэж байлаа. Тун ч нөхөрсөг, надаас үргэж дөлөх нь бага байсан учир ойрхон зайнаас хэд хэдэн зураг дарлаа. Үүний дараа гэрийн зүг гоёмсог шувуу харсандаа сэтгэл дүүрэн буцлаа.
Нарийн хиазат (Charadrius dubius). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс
Өөр нэг Нарийн хиазат. Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс 
Үдээс хойш 15:00 цагаас хойш тэнгэр цэлмэж гадаа дулаахан нартай боллоо. Өнөөх ганган шувуунд ойртож чадвал сайн зураг дарах боломж олдох мэт санагдаад болдоггүй дээ. Зангаж зангаж 17:00 цагт гэрээс гарч өнөөх газраа ирвэл юу болох нь тэр вэ. Манай оронд ховорхон тохиолддог шувуу маань нэг дор 6 сууж байна гэж хэн санах билээ. 
Мандир уранхажины багахан сүрэг. 
Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30.© С.Түвшинтөгс
Эр Мандир уранхажин. Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс
Харин сэтгэлд хүрсэн зураг дарах боломж олдсонгүй, тэр орчимд машин байнга холхиж, хүмүүс ч олноороо салхилж, шувуудыг байн байн үргээгээд амар заяа үзүүлэхгүй байгаа бололтой. Энд Борлог хөмрөг (Emberiza pusila), Дагуур галсүүлт (Phoenicurus auroreus) зэрэг шувуудыг холоос харсан бөгөөд бас л энэ хавар миний харсан анхны тохиолдол болов. Төд удалгүй тэнгэр үүлээр бүрхэж гэрэлгүй болсон учир хожмын учралд найдаж гэрийн зүг буцлаа.
Мандир уранхажин Монгол оронд дамжин өнгөрөх болон зусах хэлбэрээр ховор тохиолддог. Хэвлэгдсэн бүтээлээс харвал Ташгайн таван нуур, Халх гол, Улаанбаатар хотын Ногоон нуур, Дорноговь аймгийн Их нартын нөөц газар, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Зэгст нууранд бүртгэгдэж байсан байна. Халх болон Нөмрөг голд үржих боломжтой гэж судлаачид үздэг. Харин Монголын шувуу ажиглагчдын клубын Facebook хуудсанд нийтэлсэн мэдээг шүүж харвал Д.Батмөнх 2014 оны 5 сарын 4-д Горхи-Тэрэлжид нэг хос, Шижир болд 2015 оны 5 сарын 18-д Онон голд нэг хос, Л.Жаргалсайхан 5 сарын 23-д Гүн галуутайд нэг эм тус тус ажиглаж, гэрэл зургаар баримтжуулсан байна.

Зүйлийн жагсаалт

1          Хондон ангир  - Tadorna ferruginea - 1
2          Зэрлэг нугас - Anas platyrhynchos    - 1
3          Мандир уранхажин Aix galericulata – 6
4          Алаг шунгаач - Bucephala clangula -5
5          Хумхин бохио - Mergus merganser  - 6
6          Нарийн хиазат - Charadrius dubius – 10<
7          Сохор элээ - Milvus migrans 4
8          Өвөөлж - Upupa epops 3
9          Буурал тоншуул - Picus canus -2
10        Цоохор тоншуул - Dendrocopos minor -1
11        Хөх цэгцгий  - Motacilla alba  -10
12        Борлог хөмрөг - Emberiza pusila - 1
13        Дагуур галсүүлт - Phoenicurus auroreus -1
14        Алаг шаазгай - Pica pica  -10<
15        Хар хэрээ - Corvus corane    -Тоолоогүй
16        Хон хэрээ - Corvus corax      -Тоолоогүй
17        Адууч чогчиго - Oenanthe oenanthe - 4


No comments:

Post a Comment