Saturday, April 16, 2016

Ногоон нуурт шувуудын нүүдэл ажигласан тэмдэглэл (цуврал 2)

Тэмдэглэлийг С.Түвшинтөгс (Монголын шувуу ажиглагчдын клуб)
                                     Цуврал 1
Ногоон нуурт шувуудын хаврын нүүдлийг ажигласан тэмдэглэлээ үргэлжлүүлэн хүргэж байгаадаа таатай байна.  Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг өглөө 9 цагийн үед Сонсголонгийн гүүрнээс Туул голын хойд эргийн даланг даган Ногоон нуурыг чиглэн алхлаа. Энэ үед тэнгэр бүрхэг, цас хаялсан хүйтэн байсан ч надад санаа зовох зүйл байсангүй. Учир нь миний гол зорилго бол шувууны зураг дарах биш шувуу ажиглах байсан. Тэгээд ч урьд өдөр нь цаг агаарын мэдээ харсан байсан тул тэнгэр хэрхэн аягалахыг тааварлаж байлаа. Цаг агаарын байдал муу байх үед нүүдлийн шувуу ажиглахад тохиромжтой санагддаг. Ийм үед шувууд түр саатсан газартаа цаг агаар хэвийн болтол олноор бөөгнөрөн байршиж байдаг бөгөөд харьцангуй тайван, үргэж цочих нь бага. Ялангуяа жижиг шувууд илүү сайн ойртуулдаг ба гэрэл муутай ч гэсэн ойроос дарсан давгүй зурагтай болох боломж бүрддэг. 
Сонсголонгийн гүүрнээс дөнгөж өнгөрөөд эхний шувуугаа олж харсан нь Адууч чогчиго (Oenanthe oenanthe) байлаа. Хоёр эр шувуу далангийн хойд талаар барьсан бетонон хашаан дээр хоорондоо ойрхон дуугаран сууцгааж байв. Энэ хаврын адууч чогчиго харсан анхны тохиолдол болох нь тэр. Үүнээс цааш бетонон хашаа өнгөрөөд шороон овоолготой нэг хэсэг газар үргэлжлэх бөгөөд энд дараа дараагийн шувуудаа олж харлаа. Миний урдаас 4 жижиг шувуу нисэж, цахилгаан дамжуулах шонгийн утсан дээр суухыг харвал Алаг бужирга (Fringilla montifringillaбайлаа. Бас хажуухнаас нэг л танил дуу гараад байсан нь Улаан цэгцүүхэй (Carduelis flavirostris)-н 3 бодгаль далангийн ёроол орчимд хооллож байв. 
Улаан цэгцүүхэй (Carduelis flavirostris2016-04-16. © С.Түвшинтөгс
Үүнээс цааш алхаад хэсэг бургастай жалгаруу өнгийвөл тэндээс нэгэн зүйл харцага үргэн ниссээр томоохон бургасан төгөлд орон алга болов. Араас нь санд мэнд хэдэн муухан зураг дарснаа гэртээ ирээд шалгавал Морин харцага (Accipiter nisusбололтой. Ногоон нуур хүртэл замдаа харсан шувууд маань үүгээр дууссангүй. Бетонон зуурмагны үйлдвэрүүдийн урдуур бас нэг далан байх агаад энд 30 гаруй Цагаан-шанаа хөмрөг (Emberiza leucocephalos), далангийн хойд талаар барилгын хог хаягдал, шороон овоолготой газарт Хөх цэгцгий (Motacilla alba) - 6, Харзны шийхнүүхэй (Anthus spinoletta-5-ыг олж харав. 
Хөх цэгцгий (Motacilla alba2016-04-16. © С.Түвшинтөгс
Харзны шийхнүүхэй (Anthus spinoletta2016-04-16. © С.Түвшинтөгс
Эндээс Ногоон нуур маань холгүй 5 минут алхаад хүрч ирэв. Хамгийн түрүүнд зүүн талын харьцангуй цэвэр устай нуурыг шалгавал энд усны гүн рүү шумбаж ёроолын ургамал, хавч хэлбэртэн, жижиг сээр нуруугүйтэн амьтдаар хооллодог Гэзэгт шумбуур (Aythya fuligula),  Алаг шунгаач (Bucephala clangula), Хумхин бохио (Mergus merganser) зэрэг нугаснууд байхаас гадна Тураг гогой (Phalacrocorax carbo), Мөнгөлөг цахлай (Larus mongolicus) олноороо байв. 
Гэзэгт шунгуурууд ба мөнгөлөг цахлайнууд, 2016-04-16.
Дараа нь энэ нуурын хойд талд байх бас нэг цэвэр устай томоохон тогтоолд ажиглалт хийв. Энд Хондон ангир (Tadorna ferruginea), Бор нугас (Anas strepera), Халбага нугас (Anas clypeata), Шар-түрүүт цэгцгий (Motacilla citreola)-нээс гадна Гэзэгт нугас (Anas falcata)-ны ганц эр шувуу харав. Гэзэгт нугас бол Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангиллаар олон улсын болоод бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд орсон мөн Монгол улсын улаан номонд орсон ховор шувуу юм.
Эр Гэзэгт нугас, Ногоон нуур, 2016-04-15
Дараа нь Ногоон нуурын зүүн болон зүүн урд хэсгээр ажиглалт хийв. Энэ үед цаг агаар өөрчлөгдөж солигдмол үүлтэй, үе үе нар гарч дулаахан болов.  Ногоон нууранд өмнөх ажиглалтаар бүртгэгдсэн шувууд дээр нэмж Хошуу галуу (Anser cygnoides), Ногоохон нугас (Anas crecca) ирсэн байв. Нуурлуу шувуу харж байх үед нэг махчин шувуу хэрээнд хөөгдөн ойрхон нисэн өнгөрсөн нь бас нэг шинэ зочин болох Саарал хулд (Circus cyaneus) ажээ. 
Эм Саарал хулд, Ногоон нуур, 2016-04-15, © С.Түвшинтөгс
Эм Саарал хулд, Ногоон нуур, 2016-04-15, © С.Түвшинтөгс
Мөн дээгүүр хүрэн-толгойт цахлай (Larus ridibundus)-н сүрэг ийш тийш нисэлдэх нь усны мандлаас хоол тэжээл хайцгааж байгаа бололтой.
Хүрэн-толгойт цахлай, Ногоон нуур, 2016-04-15, © С.Түвшинтөгс
Зэрлэг нугаснууд, Ногоон нуур, 2016-04-15, © С.Түвшинтөгс
Ногоон нуур орчмын бут бургасаар Борлог хөмрөг хайгаад олсонгүй арай ирэх болоогүй бололтой. Харин Улаан-гүеэ хөөндэй (Turdus ruficollis), Цагаан-хүзүүт хөмрөг (Emberiza schoeniclus) харснаас гадна өмнөх ажиглалтаар Сонгиноос хайгаад олоогүй Сибирь хайруулдай (Prunella montanella) харж чадлаа.  Энэ өдрийн ажиглалтын үр дүнд надад ирсэн шагнал маань Саарал хулд байлаа. Миний харсан, зургийн дарсан шувуудын жагсаалт нэгээр нэмэгдэх нь тэр.  Ийнхүү Ногоон нууранд нийт 38 зүйл шувуу харж сэтгэл дүүрэн буцлаа. 


Зүйлийн жагсаалт:
1          Хөх дэглий - Ardea cinerea   -15
2          Тураг гогой - Phalacrocorax carbo -7
3          Хошуу галуу - Anser cygnoides -9
4          Хондон ангир  - Tadorna ferruginea -20
5          Зэрлэг нугас - Anas platyrhynchos   - 40<
6          Гэзэгт нугас  - Anas falcata   -1
7          Ногоохон нугас - Anas crecca -20
8          Бор нугас - Anas strepera -10
9          Зээрд нугас-  Anas penelope -1
10        Шовтгоралаг нугас- Anas acuta -6
11        Халбага нугас - Anas clypeata -2
12        Гэзэгт шумбуур - Aythya fuligula -34
13        Алаг шунгаач - Bucephala clangula -50<
14        Хумхин бохио - Mergus merganser  >20
15        Үлэг харцага - Accipiter gentilis -1
16        Морин харцага - Accipiter nisus -1
17        Сохор элээ - Milvus migrans -2
18        Саарал хулд   - Circus cyaneus -1
19        Шилийн сар   - Buteo hemilasius -1
20        Начин шонхор - Falco tinnunculus -1
21        Умардын хавтгаалж  -  Vanellus vanellus - 7
22        Хүрэнтолгойт цахлай - Larus ridibundus - 37
23        Мөнгөлөг цахлай  - Larus mongolicus - 42
24        Хөхвөр тагтаа - Columba livia -10
25        Харзны шийхнүүхэй - Anthus spinoletta -5
26        Шартүрүүт цэгцгий  - Motacilla citreola -1
27        Хөх цэгцгий  - Motacilla alba  -7
28        Алаг бужирга - Fringilla montifringilla -4
29        Улаан цэгцүүхэй - Carduelis flavirostris -3
30        Алаг шаазгай - Pica pica  -10<
31        Улаанхушуу жунгаа - Pyrrhocorax pyrrhocorax -5
32        Хар хэрээ - Corvus corane     -Тоолоогүй
33        Хон хэрээ - Corvus corax      -Тоолоогүй
34        Адууч чогчиго - Oenanthe oenanthe  - 4
35        Улаан гүеэт хөөндэй - Turdus ruficollis - 5
36        Сибирь хайруулдай  - Prunella montanella  -1
37        Цагааншанаа хөмрөг - Emberiza leucocephalos - 30
38        Цагаан хүзүүт хөмрөг - Emberiza schoeniclus - 3

No comments:

Post a Comment