Sunday, April 3, 2016

Ногоон нуурт ирсэн нүүдлийн шувуудын түрүүч


Тэмдэглэлийг С.Түвшинтөгс (Монголын шувуу ажиглагчдын клуб)

Хүсэл сонирхол нэгтэй, шувуудад хайртай нөхөд маань миний нэгэн адил хаврын улирлыг тэсэн ядан хүлээж байсан болов уу. Хүсэж байсан урин цаг наашилж, энд тэндээс нүүдлийн шувуудын мэдээ эхнээсээ дуулдаад урамтай сайхан. Улсын нийслэл Улаанбаатар хотын маань баруун талд орших “Ногоон нуур” орчимд хоёр долоо хоногийн өмнөөс л нүүдлийн шувуудын түрүүчийн мэдээг манай шувууны гэрэл зураг сонирхогч, шувуу ажиглагч нөхөд маань дуулгах болсон билээ. Энэ удаа Сонгины булан, Хун нуур, Ногоон нуур орчимд  Б.Отгонбаяр ахын хамт нүүдлийн шувуудын ажиглалт хийсэн  мэдээг та бүхэнд хүргэж байна. 
Бид 4 сарын 02-ний өглөө 9:00 цагийн үед Ногоон нуурын зүүн талд ирж эхний ажиглалтыг хийв. Хамгийн түрүүнд нуурын зүүн талын томоохон цүнхээлд хэд хэдэн зүйл нугас, түүний хойд эргээр маш олон хөх дэглий, мөнгөлөг цахлай сууж байв. Бид хоёрын бараанаар бүгд үргэн том нуурын дунд орших жижиг “арал”-ууд, түүний орчмын задгай усанд бууцгаав.


Хөх дэглийнүүд. Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс

Бид хоёр шувуудыг буцаж ирхийг хүлээж тохиромжтой газар байрлан нэлээдгүй хүлээсэн боловч тэд ирсэнгүй. Иймд бид жижиг шувуудыг хайн, ойр орчмын бут, зэгсийг шалгаж явтал мал амьтны хөлд давтагдаж, налсан зэгсэн дороос гэнэт 5 жижиг шувуу цувралдан гарч нисэн ойролцоох бургасан дээр суухыг харвал Сахалт-шагшуурга бялзуухай (Panurus biarmicus) байлаа. Эдгээрийн зургийг дарах гэж гэтэж, хүлээж, хөөцөлдсөөр бага боловч цагийг ихэд зугаатай өнгөрөөж, Оогий ах эр, эм шувууны бүтэн биеэрээ ил гарч ирсэн үеийн их сайхан зураг буулгаж чадсан.


Эр Сахалт хөх бух, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс



Эр Сахалт хөх бух, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс


                                                  Эм Сахалт хөх бух, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс

Энд 100 гаруй Хөх дэглий (Ardea cinera), 20 орчим Мөнгөлөг цахлай (Larus mongolicus), 14 Шовтгор-алаг нугас (Anas acuta), 2 Бор нугас (Anas strepera), 1 эм Алаг шунгаач (Bucephala clangula) харж амжсанаас гадна Зэрлэг нугас (Anas platyrhynchos), Хондон ангир (Tadorna ferruginea) зэрэг шувуудыг тоолж чадсангүй (нугаснуудаас зэрлэг нугас хамгийн олон тоотой байв)Мөн Хөх цэгцгий (Motacilla alba) 3, Үүрэн-сүүлт зана (Uragus sibiricus) 5, Цагаан-хүзүүт хөмрөг (Emberiza schoeniclus) 1 эм, Умардын хавтгаалж (Vanellus vanellus) 1, Сохор элээ (Milvus migrans) 1, Үлэг харцага (Accipiter gentilis) нэгийг тус тус харав.


Зэрлэг болон шовтгор алаг нугаснууд, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс


                                           Эр Шовтгор алаг нугас, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс

 Миний хувьд энд харсан хамгийн сонирхолтой шувууд бол олноороо сүрэглэсэн хөх дэглий, сахалт хөх бух, умардын хавтгаалж байлаа. Сахалт хөх бух бол хэчнээн ч удаан харсан, хэдэн ч зураг дарсан уйдхааргүй гоёмсог шувуудын нэг билээ. Умардын хавтгаалжны хувьд энэ хавар бүртгэгдсэн  хамгийн эхний тохиолдол бөгөөд эргийн шувуудаас хамгийн эрт ирдэг нь юм. Нүүдлийн шувуудын түрүүчийг ажиглаж, бүртгэж байх нь тухайн зүйлийн талаарх танин мэдэхүйн болоод шинжлэх ухааны ач холбогдолтой чухал мэдээлэл болдог учраас иймэрхүү мэдээллийг аль болох цуглуулахыг эрмэлздэг.

Бидний дараагийн ажиглалтын цэг бол Хун нуур байлаа. Ногоон нуураас шууд Хун нуур дээр ирвэл нуур гэсээгүй байх агаад баруун талд нэг хос хондон ангир, урд талд нь 10 гаран хөх дэглий сууж байснаас өөр шувууд ажиглагдсангүй. Энд өмнөх долоо хоногт манай бусад ажиглагч нарын харсан хос хун ч алга. Иймд шууд Сонгины буланруу хөдлөв.


                                                                Хөх дэглий, Хун нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс

Сонгины буланд бага зэрэг салхитай байснаас гадна тэнд маш олноороо өвөлжсөн банхар болжуухай, энхэт бялзуухай цөөхөн харагдаж байв. Бид хоёр “Монголика” амралтын газар машинаа орхиод, түүнээс баруун хойд талаар ажиглалт хийсэн боловч тэнд байнга тохиолддог суурин хэдэн зүйлээс өөр сонирхолтой шувуу харсангүй. Харин амралтын газрын урд ирэхэд нэгэн сонин шувуу дуугарвал бид хоёул хөөндэй  байх гэж таацгаав. Намайг дуу гарсан зүгрүү хайж байх зуур Оогий ах аль хэдийн олж хараад таньчихсан, Хондлой-цагаан тоншуул-ХЦТ (Dendrocopos leucotos) хэмээн надад хэлээд, яаран дөхөцгөөв. Энэ зүйл тоншуул манай орны суурин шувуудын нэг боловч бид зургийг нь хараахан дарж чадаагүй байсан.  Ялангуяа миний хувьд зургийг нь дарах байтугай ойроос ч харж байгаагүй тул энэ зүйлийг анх харсан азтай тохиолдол болов.
Биднийг дөхөх үед ХЦТ цахилгаан дамжуулах модон шон өөд авирч байсан ба зураг дарсан байрлал нарны эсрэг талд байсан тул муухан зураг дарсанаас өөр боломж бид хоёрт өгөлгүй нисэн одов.


                                                   Эм Хондлой-цагаан тоншуул, Сонгино. 2016-04-02. © С.Түвшинтөгс

Энэ орчимд Сохор элээ (Milvus migrans) 1, Цэнхэр цанцаахай (Cyanopica cyanus) 8, Улаан-гүеэт хөөндэй (Turdus ruficollis) 1, Начин шонхор (Falco tinnunculus) 2, Үүрэн сүүлт зана (Uragus sibiricus) 2, Номин хөх бух (Parus cyanus) 2 харж тоолсоноос гадна Хон хэрээ, Хар хэрээ, Алагтуу, Алаг шаазгай, Хээрийн бор шувуу, Банхар болжуухай, Энхэт бялзуухай, Их хөх бух зэрэг байнга ажиглагддаг шувуудыг тоолж бүртгэсэнгүй.
Монголика-с зүүн тийш алхаж улмаар хойш эргэн төмөр зам дагуу алхаад уулын энгэрээр сибирь хайруулдай хайсан боловч олдсонгүй. Төмөр замын далан дээрээс өөр нэг элээ олж харсан нь өнөөдрийн 3 дахь элээ байлаа.

                                                          
                                                             Сохор элээ, Сонгино. 2016-04-02. © С.Түвшинтөгс

Харин намайг баярлуулсан нэгэн зүйл шувуу харагдсан нь Цагаан-шанаа хөмрөг (Emberiza leucocephalos) -ийн ганц эр шувуу байв. Холоос муухан зураг буулгасанаа дор орууллаа. Миний хөмрөгүүдэд дуртайг ч хэлэхүү энэ өдрийн ажиглалтаар 2 зүйлийн хөмрөг олж харсан нь наддаа бол болоод л явчих нь тэр шүү. 


Эр Цагаан-шанаа хөмрөг, Сонгино. 2016-04-02. © С.Түвшинтөгс

Бид буцах тийш хандан замаараа “Монголика”-н хашаан дотор, зүүн талд тарьсан чацарганы суулгацыг шалгавал тэндээс 2 Бор тодол (Sturnus cineraceus) дуугаран нисэн холдов. Мөн нэг зүйл хөөндэйг таньж чадалгүй алдав. Үүний дараа банхар болжуухайн зураг дарах санаатай дууг нь тавьж хүлээх зуур нэг хос Алаг бужирга (Fringilla montifringilla) банхар болжуухайн сүрэг дунд газраас хооллож байхыг ажиглав. Ингээд бидний ажиглалт дуусаж ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцлаа. Энэ өдрийн ажиглалтаар нийт 32 зүйл ажигласан. Зүйлийн жагсаалтыг доорх хүснэгтнээс харна уу.
       
Зүйлийн латин нэр         
Зүйлийн Монгол нэр
Тоо
1
Ardea cinerea
Хөх дэглий
100<
2
Tadorna ferruginea
Хондон ангир
тоолоогүй
3
Anas platyrhynchos
Зэрлэг нугас
тоолоогүй
4
Anas strepera
Бор нугас
2
5
Anas acuta
Шовтгоралаг нугас
14
6
Bucephala clangula
Алаг шунгаач
1
7
Accipiter gentilis
Үлэг харцага
1
8
Milvus migrans
Сохор элээ
3
9
Falco tinnunculus
Начин шонхор
2
10
Vanellus vanellus
Умардын хавтгаалж
1
11
Larus mongolicus
Мөнгөлөг цахлай
>20
12
Columba livia
Хөхвөр тагтаа
6
13
Dendrocopos leucotos
Хондлой-цагаан тоншуул
1
14
Motacilla alba
Хөх цэгцгий
3
15
Fringilla montifringilla
Алаг бужирга
2
16
Uragus sibiricus
Үүрэн сүүлт зана
7
17
Coccothraustes coccothraustes
Банхар болжуухай
тоолоогүй
18
Sturnus cineraceus
Бор тодол
2
19
Pica pica
Алаг шаазгай
Тоолоогүй
20
Cyanopica cyanus
Цэнхэр цанцаахай
8
21
Pyrrhocorax pyrrhocorax
Улаанхушуу жунгаа
тоолоогүй
22
Corvus dauuricus
Алагтуу
6
23
Corvus corane
Хар хэрээ
тоолоогүй
24
Corvus corax
Хон хэрээ
тоолоогүй
25
Bombycilla garrulus
Шивэр энхэт бялзуухай
тоолоогүй
26
Parus major
Их хөх бух
тоолоогүй
27
Parus cyanus
Номин хөх бух
2
28
Panurus biarmicus
Сахалт хөх бух
5
29
Turdus ruficollis
Улаан гүеэт хөөндэй
1
30
Passer montanus
Хээрийн боршувуу
тоолоогүй
31
Emberiza leucocephalos
Цагааншанаа хөмрөг
1
32
Emberiza schoeniclus
Цагаан хүзүүт хөмрөг
1

No comments:

Post a Comment