Sunday, May 1, 2016

Мандир уранхажины сургаар Гачууртад шувуу ажигласан тэмдэглэл

Тэмдэглэлийг С.Түвшинтөгс (Монголын шувуу ажиглагчдын клуб)
Гэрэл зурагчин С.Соёлболдын анх харж зургийн дарсан Мандир уранхажин (Aix galericulata) нугасыг харах санаатай өглөө эртлэн Улаанбаатар хотын зүүн захруу Л.Жаргал ахын хамт хөдөллөө. Бид 8:00 цагийн үед зорьсон газраа ирж, нарны гэрлийн дагуу Туул голыг уруудан алхав. 
Энд харсан хамгийн эхний шувууд бол Өвөөлж (Upupa epops), Алаг шунгаач (Bucephala clangula), Хумхин бохио (Mergus merganser), Хөх цэгцгий (Motacilla alba) байлаа. Эдгээр шувууд хэдэн долоо хоногийн өмнөөс л ажиглагдаж эхэлсэн учир сонирхол тэгтлээ их татсангүй, тэгээд ч гэрлийн өнцөг тохиромжгүй байсан тул зураг дарсан ч хэрэг алга. Иймээс харахыг хүссэн шувуугаа хайсаар цааш алхлаа.
Голын эрэг орчимд нэгэн бяцхан шувуу дуугаран гүйхийг харвал Нарийн хиазат (Charadrius dubius) алсын нүүдлээсээ иржээ. Энэ хавар харсан анхны тохиолдол болов. 

Нарийн хиазат (Charadrius dubius). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс
Голын эрэг дагаж шувуугаа хайж алхсаар төд удалгүй бид хоёрт аз тохиож зорьсон шувуугаа олж харлаа. Эр шувуу нь солонгын долоон өнгөөр гоёсон хэтэрхий ганган амьтан ажээ. Ийм гоёмсог, донж маягтай шувуу урьд нь би лав хараагүй. Эм шувуу нь хөх саарал өнгөтэй, хүзүү, цээж, хэвлийн хажуу талаараа цагаан толботой эр шувууныхаа дэргэд бол анхаарал татхааргүй царай муутай. Хоёр шувуу голын эсрэг талд эрэг даган сэлэн явсанаа биднийг хараад голын эрэг дээр гарч, модны араар далд оров. Энэ үед бид буцаж гарч ирэхийн хүлээхээр шийдэж голын эрэгт дөхөж ирээд хэвтэв. Удаж төдөлгүй тэд 40 орчим метрийн цаанаас гарч ирэв. Хэдий хол зайтай ч бид энэ мөчийг хүлээж байсан тул тасралтгүй шахам л зураг дарж байлаа. Ямар ч байсан бүртгэлийн зураг (record shot) -тай болоод авах нь тэр дээ.

Мандир уранхажин (Aix galericulata). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. 
Миний харсан шувуудын зүйлийн тоо ч 211 хүрч, долоо хоног бүр л шинэ зүйл харж мэлмийгээ баясгаад юутай сайхан. Хангалттай олон бүртгэлийн зурагтай болсон учир илүү ойроос зураг дарах шунал хөдөлж, ярилцах зуур голын цаанаас нохой дагуулсан хүн гарч ирээд шувуудыг маань үргээж орхилоо. Шувууд үргээд нисчихсэн, тэнгэр ч бүрхэг бороо ганц нэг дусалж эхэлсэн учир бид буцах тийш хандлаа. 

Эр Мандир уранхажин (Aix galericulata). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. 
Буцах замаараа голын хойд эрэгт байх хайлаасан төглийг шалгавал Буурал тоншуул (Picus canus), Цоохор тоншуул (Dendrocopos minor)  таарав. 
Буурал тоншуул (Picus canus). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс
Мөн нарийн хиазатын хэд хэдэн хос дуугаран газраар гүйлдэж байлаа. Тун ч нөхөрсөг, надаас үргэж дөлөх нь бага байсан учир ойрхон зайнаас хэд хэдэн зураг дарлаа. Үүний дараа гэрийн зүг гоёмсог шувуу харсандаа сэтгэл дүүрэн буцлаа.
Нарийн хиазат (Charadrius dubius). Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс
Өөр нэг Нарийн хиазат. Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс 
Үдээс хойш 15:00 цагаас хойш тэнгэр цэлмэж гадаа дулаахан нартай боллоо. Өнөөх ганган шувуунд ойртож чадвал сайн зураг дарах боломж олдох мэт санагдаад болдоггүй дээ. Зангаж зангаж 17:00 цагт гэрээс гарч өнөөх газраа ирвэл юу болох нь тэр вэ. Манай оронд ховорхон тохиолддог шувуу маань нэг дор 6 сууж байна гэж хэн санах билээ. 
Мандир уранхажины багахан сүрэг. 
Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30.© С.Түвшинтөгс
Эр Мандир уранхажин. Улаанбаатар хот Гачуурт, 2016-04-30. © С.Түвшинтөгс
Харин сэтгэлд хүрсэн зураг дарах боломж олдсонгүй, тэр орчимд машин байнга холхиж, хүмүүс ч олноороо салхилж, шувуудыг байн байн үргээгээд амар заяа үзүүлэхгүй байгаа бололтой. Энд Борлог хөмрөг (Emberiza pusila), Дагуур галсүүлт (Phoenicurus auroreus) зэрэг шувуудыг холоос харсан бөгөөд бас л энэ хавар миний харсан анхны тохиолдол болов. Төд удалгүй тэнгэр үүлээр бүрхэж гэрэлгүй болсон учир хожмын учралд найдаж гэрийн зүг буцлаа.
Мандир уранхажин Монгол оронд дамжин өнгөрөх болон зусах хэлбэрээр ховор тохиолддог. Хэвлэгдсэн бүтээлээс харвал Ташгайн таван нуур, Халх гол, Улаанбаатар хотын Ногоон нуур, Дорноговь аймгийн Их нартын нөөц газар, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Зэгст нууранд бүртгэгдэж байсан байна. Халх болон Нөмрөг голд үржих боломжтой гэж судлаачид үздэг. Харин Монголын шувуу ажиглагчдын клубын Facebook хуудсанд нийтэлсэн мэдээг шүүж харвал Д.Батмөнх 2014 оны 5 сарын 4-д Горхи-Тэрэлжид нэг хос, Шижир болд 2015 оны 5 сарын 18-д Онон голд нэг хос, Л.Жаргалсайхан 5 сарын 23-д Гүн галуутайд нэг эм тус тус ажиглаж, гэрэл зургаар баримтжуулсан байна.

Зүйлийн жагсаалт

1          Хондон ангир  - Tadorna ferruginea - 1
2          Зэрлэг нугас - Anas platyrhynchos    - 1
3          Мандир уранхажин Aix galericulata – 6
4          Алаг шунгаач - Bucephala clangula -5
5          Хумхин бохио - Mergus merganser  - 6
6          Нарийн хиазат - Charadrius dubius – 10<
7          Сохор элээ - Milvus migrans 4
8          Өвөөлж - Upupa epops 3
9          Буурал тоншуул - Picus canus -2
10        Цоохор тоншуул - Dendrocopos minor -1
11        Хөх цэгцгий  - Motacilla alba  -10
12        Борлог хөмрөг - Emberiza pusila - 1
13        Дагуур галсүүлт - Phoenicurus auroreus -1
14        Алаг шаазгай - Pica pica  -10<
15        Хар хэрээ - Corvus corane    -Тоолоогүй
16        Хон хэрээ - Corvus corax      -Тоолоогүй
17        Адууч чогчиго - Oenanthe oenanthe - 4


Monday, April 25, 2016


НЭГ ДОР 3 ЗҮЙЛ БОХИО (Ногоон нуурт шувуу ажигласан тэмдэглэл цуврал 3)

Тэмдэглэлийг С.Түвшинтөгс (Монголын шувуу ажиглагчдын клуб)

                                   Өмнөх мэдээний холбоос: 1 2 

     Уламжлал ёсоор амралтын өдөр шувуудын хаврын нүүдэл ажигласан тэмдэглэлээ оруулж байна. Энэ удаагийн ажиглалтаар гойд сайн зураг дараагүй хэдий ч манай оронд тохиолддог гурван зүйл бохиог нэг дор харсан, өөртөө шинээр хоёр зүйл харсан “ёндоотой” өдөр байлаа. Ингээд үзэх зураг муутай ч гурван зүйл бохионы талаар голлосон товч тэмдэглэлээ толилуулая.

     Өглөө 10 цагийн үед зүүн талын цэвэр устай нууран дээр ирж ажиглалт хийв. Энд урьдын адил Гэзэгт шумбуур (Aythya fuligula),  Алаг шунгаач (Bucephala clangula), Хумхин бохио (Mergus merganser)  Тураг гогой (Phalacrocorax carbo), Мөнгөлөг цахлай (Larus mongolicus) зэрэг шувууд байхаас гадна Улаан хүзүүт шумбуур шинээр иржээ. Мөн нуурын гол хэсэгт 230 орчим хүрэн-толгойт цахлай бөөнөөрөө сэлцгээж байв. Цахлайнаас бусад шувууд миний бараанаар л үргэж, ийш тийш нисэлдэн тайван бус болсон учир би яаран холдлоо. 

     Эндээс дараагийн тогтоол дээр очиход ганц ч усны шувуу байсангүй харин ойр орчмын бут бургас, усны эрэг орчмоор Харзны шийхнүүхэй (Anthus spinoletta) маш олон (30<), Науманны хөөндэй (Turdus naumanni) -2, Өвөөлж (Upupa epops) -1 тус тус ажиглагдлаа.

     Дараа нь том нууран дээр очвол нуурын голд Халзан түнжүү (Fulica atra) шинээр харлаа. Энд өмнө ажиглагдсан усны шувууд олноороо байх агаад Хошуу галууны тоо ч нэмэгдсэн байв. 
Хошуу галуу (Anser cygnoides), 2016-04-24. Ногоон нуур.
Бор нугас (Anas strepera), 2016-04-24. Ногоон нуур. 
     Мөн дээгүүр Өвөгт тогоруу (Anthropoides virgo) ирснээ зарлан дуугаран нисэн өнгөрлөө. Нуурын баруун зах орчимд, өндөрт нэгэн зүйл махчин шувуу эргэлдэж байсан нь Бахим бүргэд (Hieraaetus pennatus) ажээ. Энэ зүйл шувууг анх удаа харсан азтай тохиолдол болов. Харьцангуй жижгэвтэр биетэй (анх хараад нэг зүйл сар гэж тааж байлаа), далавчны урд хэсгийн уг орчимд жижиг цагаан толботой, бусад бүргэдээс ялган танихад хялбар ажээ.  Энэ бүргэдийг дараа илүү ойроос харах боломж олдох байхаа.

Бахим бүргэд (Hieraaetus pennatus), 2016-04-24. Ногоон нуур. 
    Энэ бохир усны урд талаар хэд хэдэн харьцангуй цэвэр устай цүнхээлүүд байх агаад эдгээрийн нэгэнд гоёмсог Цахиур бохио (Mergus albellus) -той гэнэт тулгарч араас нь хэдэн зураг дарж амжив. Энэ зүйл шувууг өнгөрсөн жил манай шувуу ажиглагч, шувууны гэрэл зураг дардаг нөхөд маань яг энэ орчимд харж сайхан зургууд дарж байсан бол миний хувьд зөвхөн ганц удаа Дарьганга сумын Зэгст нууранд эм шувууг нь хаврын нүүдлийн үед нь харж байсан.  
Эрэгчин шувуу нь цасан цагаан өнгөтэй, панда шиг нүдээ тойрсон хар толботой, цээж болон зулайн хажуу талаараа нарийн хар судалтай мөн нуруу, далавчны дэвүүр өд хар өнгөтэй үнэхээрийн чамин ганган шувуу.

Эр Цахиур бохио (Mergus albellus),  2016-04-24. Ногоон нуур.
     Манай оронд үрждэггүй, ганц нэгээр эсвэл багахан хэмжээтэй сүргээр нүүдлийн үедээ болон зусах байдлаар тохиолддог. Увсын хотгорын хойд хэсэг, Их нууруудын хотгор, Завханы цөлөрхөг хээрийн хотгор, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Орхон-Сэлэнгийн ай сав, Хэнтийн нуруу, Буйр нуур-Халх гол-Хянганы бүс нутгийн томоохон цэвэр болон давсархаг устай  нуурууд, томоохон гол, зэгс бүхий усан сангууд  бусад ус намгархаг газраар нүүдлийн үедээ тохиолддог.

Эр, эм Цахиур бохио,  2016-04-24. Ногоон нуур.
     Цахиур бохио анх харсан газраас зүүн тийш алхаж хамгийн түрүүнд ирсэн нуурыг ахиж шалгаад, ганц нэг усны шувууны зураг дарах санаатай зүүн хойд талын эрэгт хүлээж хэвтэв. Нуурын зүүн эрэг орчимд усны шувууд нэлээдгүй олноороо хооллоцгоож байх ажээ. Шувуудын дотор түрүү харсан цахиур бохио (1 эр, 3эм) -ууд ч ирчихсэн байв. Аз байвал цахиур бохионы зурагтай болчих санаатай горьдон хэвтэв ээ.

Цахиур бохионууд,  2016-04-24. Ногоон нуур.
      Энд 40 орчим минутын дараа нэг хос Xумхин бохио (Mergus merganser) надаас 20 гаран метрийн зайд сэлж өнгөрөв. Үүний дараа хэд хэдэн хумхин бохио сэлж өнгөрсөн ч нар миний эсрэг талд байсан учир сайн зураг дарж чадсангүй. 

Эр Xумхин бохио (Mergus merganser), 2016-04-24. Ногоон нуур.
Эм Xумхин бохио (Mergus merganser), 2016-04-24. Ногоон нуур. 
      Хамгийн сүүлд 2 эм бохио сэлж өнгөрсөн нь хумхин бохионоос бага зэрэг ялгаатай, нүд улаан, хошууны үзүүр бараг шулуун ажээ. Ямар ч байсан тодорхойлж болох хэмжээний хэд хэдэн зураг дарж гэрт очсон хойно шалгаж үзвэл Сэвгэр бохио (Mergus serrator) -той адил ажээ. Зургийн ч шувуу ажиглагч, судлаач нөхөд рүүгээ илгээвэл баталж өглөө. Надад бас нэг шинэ зүйл нэмэгдэх нь тэр дээ.
Эм Сэвгэр бохио (Mergus serrator), 2016-04-24. Ногоон нуур. © С.Түвшинтөгс 
       Сэвгэр бохионы эрийн толгой хар ногоон өнгөтэй, хүзүү цагаан, цээж нь улбар шар-хүрэн өнгөтэй, нуруу хар, мөр хар бөгөөд цагаан толбонуудтай, эмийн толгой улаан хүрэндүү, толгойн хүрэн өнгө хүзүү, цээж хүртэл ууссан байдалтай аажим бүдгэрсэн, их бие саарал,  нүд улаан, хошууны үзүүр бараг шулуун зэрэг шинжээр хумхин бохионоос ялгагддаг.

    Сэвгэр бохио нь Монгол оронд нүүдлийн үедээ дамжин өнгөрөх байдлаар тохиолддог, бөгөөд тохиолдсон газруудыг улаан данснаас харвал Сэлэнгэ голын хөндий, Баянхонгор аймгийн Тэрхийн цагаан нуур, Өвөрхангай аймгийн Өгий нуур түүний орчим тэмдэглэгдсэн гэжээ. Харин өнгөрсөн жил Төв аймгийн Гүн галуутайд хаврын нүүдлийн үед нь нэг эм шувууг шувууны гэрэл зурагчин, биологич Б.Отгонбаяр ажиглаж байжээ. Ер нь энэ зүйл бохио манай оронд ховор тохиолддог бололтой.

     Хэдийгээр цахиур бохионы зураг дарж чадаагүй ч нэг дор Монгол оронд тохиолддог гурван зүйл бохиог харсан, өөрийн жагсаалтад 2 зүйл шувуу шинээр нэмсэн азтай өдөр байж, дараагийн амралтын өдрийг тэсэн ядан хүлээх урам зориг надад төрлөө.

Зүйлийн жагсаалт

1          Хөх дэглий - Ardea cinerea -30
2          Тураг гогой - Phalacrocorax carbo -7
3          Хошуу галуу - Anser cygnoides -32
4          Хондон ангир  - Tadorna ferruginea            -4
5          Зэрлэг нугас - Anas platyrhynchos    -60<
7          Ногоохон нугас - Anas crecca -50<
8          Бор нугас - Anas strepera -25
9          Зээрд нугас-  Anas penelope -10
10        Халбага нугас - Anas clypeata -2
11        Гэзэгт шумбуур - Aythya fuligula - >20
12        Алаг шунгаач - Bucephala clangula -50<
13        Хумхин бохио - Mergus merganser  >30
14        Сэвгэр бохио - Mergus serrator – 2
15        Цахиур бохио – Mergus albellus – 4
16        Бахим бүргэд - Hieraaetus pennatus - 1
17        Сохор элээ - Milvus migrans -4
18        Идлэг шонхор - Falco cherrug -1
19        Начин шонхор - Falco tinnunculus -1
20        Халзан түнжүү – Fulica atra – 7
21        Өвөгт тогоруу - Anthropoides virgo - 2
22        Хүрэнтолгойт цахлай - Larus ridibundus -237
23        Мөнгөлөг цахлай  - Larus mongolicus - >20
24        Харзны шийхнүүхэй - Anthus spinoletta – 30<
25        Хөх цэгцгий  - Motacilla alba  -53
26        Алаг шаазгай - Pica pica  -10<
27        Хар хэрээ - Corvus corane    -Тоолоогүй
28        Хон хэрээ - Corvus corax      -Тоолоогүй
29        Адууч чогчиго - Oenanthe oenanthe - 4
30        Бүжимч чогчиго – Oenanthe isabellina - 2
31        Науманны хөөндэй - Turdus naumanni       -5
32        Сибирь хайруулдай  - Prunella montanella -1

Saturday, April 16, 2016

Ногоон нуурт шувуудын нүүдэл ажигласан тэмдэглэл (цуврал 2)

Тэмдэглэлийг С.Түвшинтөгс (Монголын шувуу ажиглагчдын клуб)
                                     Цуврал 1
Ногоон нуурт шувуудын хаврын нүүдлийг ажигласан тэмдэглэлээ үргэлжлүүлэн хүргэж байгаадаа таатай байна.  Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг өглөө 9 цагийн үед Сонсголонгийн гүүрнээс Туул голын хойд эргийн даланг даган Ногоон нуурыг чиглэн алхлаа. Энэ үед тэнгэр бүрхэг, цас хаялсан хүйтэн байсан ч надад санаа зовох зүйл байсангүй. Учир нь миний гол зорилго бол шувууны зураг дарах биш шувуу ажиглах байсан. Тэгээд ч урьд өдөр нь цаг агаарын мэдээ харсан байсан тул тэнгэр хэрхэн аягалахыг тааварлаж байлаа. Цаг агаарын байдал муу байх үед нүүдлийн шувуу ажиглахад тохиромжтой санагддаг. Ийм үед шувууд түр саатсан газартаа цаг агаар хэвийн болтол олноор бөөгнөрөн байршиж байдаг бөгөөд харьцангуй тайван, үргэж цочих нь бага. Ялангуяа жижиг шувууд илүү сайн ойртуулдаг ба гэрэл муутай ч гэсэн ойроос дарсан давгүй зурагтай болох боломж бүрддэг. 
Сонсголонгийн гүүрнээс дөнгөж өнгөрөөд эхний шувуугаа олж харсан нь Адууч чогчиго (Oenanthe oenanthe) байлаа. Хоёр эр шувуу далангийн хойд талаар барьсан бетонон хашаан дээр хоорондоо ойрхон дуугаран сууцгааж байв. Энэ хаврын адууч чогчиго харсан анхны тохиолдол болох нь тэр. Үүнээс цааш бетонон хашаа өнгөрөөд шороон овоолготой нэг хэсэг газар үргэлжлэх бөгөөд энд дараа дараагийн шувуудаа олж харлаа. Миний урдаас 4 жижиг шувуу нисэж, цахилгаан дамжуулах шонгийн утсан дээр суухыг харвал Алаг бужирга (Fringilla montifringillaбайлаа. Бас хажуухнаас нэг л танил дуу гараад байсан нь Улаан цэгцүүхэй (Carduelis flavirostris)-н 3 бодгаль далангийн ёроол орчимд хооллож байв. 
Улаан цэгцүүхэй (Carduelis flavirostris2016-04-16. © С.Түвшинтөгс
Үүнээс цааш алхаад хэсэг бургастай жалгаруу өнгийвөл тэндээс нэгэн зүйл харцага үргэн ниссээр томоохон бургасан төгөлд орон алга болов. Араас нь санд мэнд хэдэн муухан зураг дарснаа гэртээ ирээд шалгавал Морин харцага (Accipiter nisusбололтой. Ногоон нуур хүртэл замдаа харсан шувууд маань үүгээр дууссангүй. Бетонон зуурмагны үйлдвэрүүдийн урдуур бас нэг далан байх агаад энд 30 гаруй Цагаан-шанаа хөмрөг (Emberiza leucocephalos), далангийн хойд талаар барилгын хог хаягдал, шороон овоолготой газарт Хөх цэгцгий (Motacilla alba) - 6, Харзны шийхнүүхэй (Anthus spinoletta-5-ыг олж харав. 
Хөх цэгцгий (Motacilla alba2016-04-16. © С.Түвшинтөгс
Харзны шийхнүүхэй (Anthus spinoletta2016-04-16. © С.Түвшинтөгс
Эндээс Ногоон нуур маань холгүй 5 минут алхаад хүрч ирэв. Хамгийн түрүүнд зүүн талын харьцангуй цэвэр устай нуурыг шалгавал энд усны гүн рүү шумбаж ёроолын ургамал, хавч хэлбэртэн, жижиг сээр нуруугүйтэн амьтдаар хооллодог Гэзэгт шумбуур (Aythya fuligula),  Алаг шунгаач (Bucephala clangula), Хумхин бохио (Mergus merganser) зэрэг нугаснууд байхаас гадна Тураг гогой (Phalacrocorax carbo), Мөнгөлөг цахлай (Larus mongolicus) олноороо байв. 
Гэзэгт шунгуурууд ба мөнгөлөг цахлайнууд, 2016-04-16.
Дараа нь энэ нуурын хойд талд байх бас нэг цэвэр устай томоохон тогтоолд ажиглалт хийв. Энд Хондон ангир (Tadorna ferruginea), Бор нугас (Anas strepera), Халбага нугас (Anas clypeata), Шар-түрүүт цэгцгий (Motacilla citreola)-нээс гадна Гэзэгт нугас (Anas falcata)-ны ганц эр шувуу харав. Гэзэгт нугас бол Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангиллаар олон улсын болоод бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд орсон мөн Монгол улсын улаан номонд орсон ховор шувуу юм.
Эр Гэзэгт нугас, Ногоон нуур, 2016-04-15
Дараа нь Ногоон нуурын зүүн болон зүүн урд хэсгээр ажиглалт хийв. Энэ үед цаг агаар өөрчлөгдөж солигдмол үүлтэй, үе үе нар гарч дулаахан болов.  Ногоон нууранд өмнөх ажиглалтаар бүртгэгдсэн шувууд дээр нэмж Хошуу галуу (Anser cygnoides), Ногоохон нугас (Anas crecca) ирсэн байв. Нуурлуу шувуу харж байх үед нэг махчин шувуу хэрээнд хөөгдөн ойрхон нисэн өнгөрсөн нь бас нэг шинэ зочин болох Саарал хулд (Circus cyaneus) ажээ. 
Эм Саарал хулд, Ногоон нуур, 2016-04-15, © С.Түвшинтөгс
Эм Саарал хулд, Ногоон нуур, 2016-04-15, © С.Түвшинтөгс
Мөн дээгүүр хүрэн-толгойт цахлай (Larus ridibundus)-н сүрэг ийш тийш нисэлдэх нь усны мандлаас хоол тэжээл хайцгааж байгаа бололтой.
Хүрэн-толгойт цахлай, Ногоон нуур, 2016-04-15, © С.Түвшинтөгс
Зэрлэг нугаснууд, Ногоон нуур, 2016-04-15, © С.Түвшинтөгс
Ногоон нуур орчмын бут бургасаар Борлог хөмрөг хайгаад олсонгүй арай ирэх болоогүй бололтой. Харин Улаан-гүеэ хөөндэй (Turdus ruficollis), Цагаан-хүзүүт хөмрөг (Emberiza schoeniclus) харснаас гадна өмнөх ажиглалтаар Сонгиноос хайгаад олоогүй Сибирь хайруулдай (Prunella montanella) харж чадлаа.  Энэ өдрийн ажиглалтын үр дүнд надад ирсэн шагнал маань Саарал хулд байлаа. Миний харсан, зургийн дарсан шувуудын жагсаалт нэгээр нэмэгдэх нь тэр.  Ийнхүү Ногоон нууранд нийт 38 зүйл шувуу харж сэтгэл дүүрэн буцлаа. 


Зүйлийн жагсаалт:
1          Хөх дэглий - Ardea cinerea   -15
2          Тураг гогой - Phalacrocorax carbo -7
3          Хошуу галуу - Anser cygnoides -9
4          Хондон ангир  - Tadorna ferruginea -20
5          Зэрлэг нугас - Anas platyrhynchos   - 40<
6          Гэзэгт нугас  - Anas falcata   -1
7          Ногоохон нугас - Anas crecca -20
8          Бор нугас - Anas strepera -10
9          Зээрд нугас-  Anas penelope -1
10        Шовтгоралаг нугас- Anas acuta -6
11        Халбага нугас - Anas clypeata -2
12        Гэзэгт шумбуур - Aythya fuligula -34
13        Алаг шунгаач - Bucephala clangula -50<
14        Хумхин бохио - Mergus merganser  >20
15        Үлэг харцага - Accipiter gentilis -1
16        Морин харцага - Accipiter nisus -1
17        Сохор элээ - Milvus migrans -2
18        Саарал хулд   - Circus cyaneus -1
19        Шилийн сар   - Buteo hemilasius -1
20        Начин шонхор - Falco tinnunculus -1
21        Умардын хавтгаалж  -  Vanellus vanellus - 7
22        Хүрэнтолгойт цахлай - Larus ridibundus - 37
23        Мөнгөлөг цахлай  - Larus mongolicus - 42
24        Хөхвөр тагтаа - Columba livia -10
25        Харзны шийхнүүхэй - Anthus spinoletta -5
26        Шартүрүүт цэгцгий  - Motacilla citreola -1
27        Хөх цэгцгий  - Motacilla alba  -7
28        Алаг бужирга - Fringilla montifringilla -4
29        Улаан цэгцүүхэй - Carduelis flavirostris -3
30        Алаг шаазгай - Pica pica  -10<
31        Улаанхушуу жунгаа - Pyrrhocorax pyrrhocorax -5
32        Хар хэрээ - Corvus corane     -Тоолоогүй
33        Хон хэрээ - Corvus corax      -Тоолоогүй
34        Адууч чогчиго - Oenanthe oenanthe  - 4
35        Улаан гүеэт хөөндэй - Turdus ruficollis - 5
36        Сибирь хайруулдай  - Prunella montanella  -1
37        Цагааншанаа хөмрөг - Emberiza leucocephalos - 30
38        Цагаан хүзүүт хөмрөг - Emberiza schoeniclus - 3

Friday, April 15, 2016



VOLUNTEERS NEEDED TO FIND REMAINING ENDANGERED YELLOW-BREASTED BUNTINGS IN MONGOLIA



Sunday, April 3, 2016

Ногоон нуурт ирсэн нүүдлийн шувуудын түрүүч


Тэмдэглэлийг С.Түвшинтөгс (Монголын шувуу ажиглагчдын клуб)

Хүсэл сонирхол нэгтэй, шувуудад хайртай нөхөд маань миний нэгэн адил хаврын улирлыг тэсэн ядан хүлээж байсан болов уу. Хүсэж байсан урин цаг наашилж, энд тэндээс нүүдлийн шувуудын мэдээ эхнээсээ дуулдаад урамтай сайхан. Улсын нийслэл Улаанбаатар хотын маань баруун талд орших “Ногоон нуур” орчимд хоёр долоо хоногийн өмнөөс л нүүдлийн шувуудын түрүүчийн мэдээг манай шувууны гэрэл зураг сонирхогч, шувуу ажиглагч нөхөд маань дуулгах болсон билээ. Энэ удаа Сонгины булан, Хун нуур, Ногоон нуур орчимд  Б.Отгонбаяр ахын хамт нүүдлийн шувуудын ажиглалт хийсэн  мэдээг та бүхэнд хүргэж байна. 
Бид 4 сарын 02-ний өглөө 9:00 цагийн үед Ногоон нуурын зүүн талд ирж эхний ажиглалтыг хийв. Хамгийн түрүүнд нуурын зүүн талын томоохон цүнхээлд хэд хэдэн зүйл нугас, түүний хойд эргээр маш олон хөх дэглий, мөнгөлөг цахлай сууж байв. Бид хоёрын бараанаар бүгд үргэн том нуурын дунд орших жижиг “арал”-ууд, түүний орчмын задгай усанд бууцгаав.


Хөх дэглийнүүд. Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс

Бид хоёр шувуудыг буцаж ирхийг хүлээж тохиромжтой газар байрлан нэлээдгүй хүлээсэн боловч тэд ирсэнгүй. Иймд бид жижиг шувуудыг хайн, ойр орчмын бут, зэгсийг шалгаж явтал мал амьтны хөлд давтагдаж, налсан зэгсэн дороос гэнэт 5 жижиг шувуу цувралдан гарч нисэн ойролцоох бургасан дээр суухыг харвал Сахалт-шагшуурга бялзуухай (Panurus biarmicus) байлаа. Эдгээрийн зургийг дарах гэж гэтэж, хүлээж, хөөцөлдсөөр бага боловч цагийг ихэд зугаатай өнгөрөөж, Оогий ах эр, эм шувууны бүтэн биеэрээ ил гарч ирсэн үеийн их сайхан зураг буулгаж чадсан.


Эр Сахалт хөх бух, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс



Эр Сахалт хөх бух, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс


                                                  Эм Сахалт хөх бух, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс

Энд 100 гаруй Хөх дэглий (Ardea cinera), 20 орчим Мөнгөлөг цахлай (Larus mongolicus), 14 Шовтгор-алаг нугас (Anas acuta), 2 Бор нугас (Anas strepera), 1 эм Алаг шунгаач (Bucephala clangula) харж амжсанаас гадна Зэрлэг нугас (Anas platyrhynchos), Хондон ангир (Tadorna ferruginea) зэрэг шувуудыг тоолж чадсангүй (нугаснуудаас зэрлэг нугас хамгийн олон тоотой байв)Мөн Хөх цэгцгий (Motacilla alba) 3, Үүрэн-сүүлт зана (Uragus sibiricus) 5, Цагаан-хүзүүт хөмрөг (Emberiza schoeniclus) 1 эм, Умардын хавтгаалж (Vanellus vanellus) 1, Сохор элээ (Milvus migrans) 1, Үлэг харцага (Accipiter gentilis) нэгийг тус тус харав.


Зэрлэг болон шовтгор алаг нугаснууд, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс


                                           Эр Шовтгор алаг нугас, Ногоон нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс

 Миний хувьд энд харсан хамгийн сонирхолтой шувууд бол олноороо сүрэглэсэн хөх дэглий, сахалт хөх бух, умардын хавтгаалж байлаа. Сахалт хөх бух бол хэчнээн ч удаан харсан, хэдэн ч зураг дарсан уйдхааргүй гоёмсог шувуудын нэг билээ. Умардын хавтгаалжны хувьд энэ хавар бүртгэгдсэн  хамгийн эхний тохиолдол бөгөөд эргийн шувуудаас хамгийн эрт ирдэг нь юм. Нүүдлийн шувуудын түрүүчийг ажиглаж, бүртгэж байх нь тухайн зүйлийн талаарх танин мэдэхүйн болоод шинжлэх ухааны ач холбогдолтой чухал мэдээлэл болдог учраас иймэрхүү мэдээллийг аль болох цуглуулахыг эрмэлздэг.

Бидний дараагийн ажиглалтын цэг бол Хун нуур байлаа. Ногоон нуураас шууд Хун нуур дээр ирвэл нуур гэсээгүй байх агаад баруун талд нэг хос хондон ангир, урд талд нь 10 гаран хөх дэглий сууж байснаас өөр шувууд ажиглагдсангүй. Энд өмнөх долоо хоногт манай бусад ажиглагч нарын харсан хос хун ч алга. Иймд шууд Сонгины буланруу хөдлөв.


                                                                Хөх дэглий, Хун нуур, 2016-04-02. © С.Түвшинтөгс

Сонгины буланд бага зэрэг салхитай байснаас гадна тэнд маш олноороо өвөлжсөн банхар болжуухай, энхэт бялзуухай цөөхөн харагдаж байв. Бид хоёр “Монголика” амралтын газар машинаа орхиод, түүнээс баруун хойд талаар ажиглалт хийсэн боловч тэнд байнга тохиолддог суурин хэдэн зүйлээс өөр сонирхолтой шувуу харсангүй. Харин амралтын газрын урд ирэхэд нэгэн сонин шувуу дуугарвал бид хоёул хөөндэй  байх гэж таацгаав. Намайг дуу гарсан зүгрүү хайж байх зуур Оогий ах аль хэдийн олж хараад таньчихсан, Хондлой-цагаан тоншуул-ХЦТ (Dendrocopos leucotos) хэмээн надад хэлээд, яаран дөхөцгөөв. Энэ зүйл тоншуул манай орны суурин шувуудын нэг боловч бид зургийг нь хараахан дарж чадаагүй байсан.  Ялангуяа миний хувьд зургийг нь дарах байтугай ойроос ч харж байгаагүй тул энэ зүйлийг анх харсан азтай тохиолдол болов.
Биднийг дөхөх үед ХЦТ цахилгаан дамжуулах модон шон өөд авирч байсан ба зураг дарсан байрлал нарны эсрэг талд байсан тул муухан зураг дарсанаас өөр боломж бид хоёрт өгөлгүй нисэн одов.


                                                   Эм Хондлой-цагаан тоншуул, Сонгино. 2016-04-02. © С.Түвшинтөгс

Энэ орчимд Сохор элээ (Milvus migrans) 1, Цэнхэр цанцаахай (Cyanopica cyanus) 8, Улаан-гүеэт хөөндэй (Turdus ruficollis) 1, Начин шонхор (Falco tinnunculus) 2, Үүрэн сүүлт зана (Uragus sibiricus) 2, Номин хөх бух (Parus cyanus) 2 харж тоолсоноос гадна Хон хэрээ, Хар хэрээ, Алагтуу, Алаг шаазгай, Хээрийн бор шувуу, Банхар болжуухай, Энхэт бялзуухай, Их хөх бух зэрэг байнга ажиглагддаг шувуудыг тоолж бүртгэсэнгүй.
Монголика-с зүүн тийш алхаж улмаар хойш эргэн төмөр зам дагуу алхаад уулын энгэрээр сибирь хайруулдай хайсан боловч олдсонгүй. Төмөр замын далан дээрээс өөр нэг элээ олж харсан нь өнөөдрийн 3 дахь элээ байлаа.

                                                          
                                                             Сохор элээ, Сонгино. 2016-04-02. © С.Түвшинтөгс

Харин намайг баярлуулсан нэгэн зүйл шувуу харагдсан нь Цагаан-шанаа хөмрөг (Emberiza leucocephalos) -ийн ганц эр шувуу байв. Холоос муухан зураг буулгасанаа дор орууллаа. Миний хөмрөгүүдэд дуртайг ч хэлэхүү энэ өдрийн ажиглалтаар 2 зүйлийн хөмрөг олж харсан нь наддаа бол болоод л явчих нь тэр шүү. 


Эр Цагаан-шанаа хөмрөг, Сонгино. 2016-04-02. © С.Түвшинтөгс

Бид буцах тийш хандан замаараа “Монголика”-н хашаан дотор, зүүн талд тарьсан чацарганы суулгацыг шалгавал тэндээс 2 Бор тодол (Sturnus cineraceus) дуугаран нисэн холдов. Мөн нэг зүйл хөөндэйг таньж чадалгүй алдав. Үүний дараа банхар болжуухайн зураг дарах санаатай дууг нь тавьж хүлээх зуур нэг хос Алаг бужирга (Fringilla montifringilla) банхар болжуухайн сүрэг дунд газраас хооллож байхыг ажиглав. Ингээд бидний ажиглалт дуусаж ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцлаа. Энэ өдрийн ажиглалтаар нийт 32 зүйл ажигласан. Зүйлийн жагсаалтыг доорх хүснэгтнээс харна уу.
       
Зүйлийн латин нэр         
Зүйлийн Монгол нэр
Тоо
1
Ardea cinerea
Хөх дэглий
100<
2
Tadorna ferruginea
Хондон ангир
тоолоогүй
3
Anas platyrhynchos
Зэрлэг нугас
тоолоогүй
4
Anas strepera
Бор нугас
2
5
Anas acuta
Шовтгоралаг нугас
14
6
Bucephala clangula
Алаг шунгаач
1
7
Accipiter gentilis
Үлэг харцага
1
8
Milvus migrans
Сохор элээ
3
9
Falco tinnunculus
Начин шонхор
2
10
Vanellus vanellus
Умардын хавтгаалж
1
11
Larus mongolicus
Мөнгөлөг цахлай
>20
12
Columba livia
Хөхвөр тагтаа
6
13
Dendrocopos leucotos
Хондлой-цагаан тоншуул
1
14
Motacilla alba
Хөх цэгцгий
3
15
Fringilla montifringilla
Алаг бужирга
2
16
Uragus sibiricus
Үүрэн сүүлт зана
7
17
Coccothraustes coccothraustes
Банхар болжуухай
тоолоогүй
18
Sturnus cineraceus
Бор тодол
2
19
Pica pica
Алаг шаазгай
Тоолоогүй
20
Cyanopica cyanus
Цэнхэр цанцаахай
8
21
Pyrrhocorax pyrrhocorax
Улаанхушуу жунгаа
тоолоогүй
22
Corvus dauuricus
Алагтуу
6
23
Corvus corane
Хар хэрээ
тоолоогүй
24
Corvus corax
Хон хэрээ
тоолоогүй
25
Bombycilla garrulus
Шивэр энхэт бялзуухай
тоолоогүй
26
Parus major
Их хөх бух
тоолоогүй
27
Parus cyanus
Номин хөх бух
2
28
Panurus biarmicus
Сахалт хөх бух
5
29
Turdus ruficollis
Улаан гүеэт хөөндэй
1
30
Passer montanus
Хээрийн боршувуу
тоолоогүй
31
Emberiza leucocephalos
Цагааншанаа хөмрөг
1
32
Emberiza schoeniclus
Цагаан хүзүүт хөмрөг
1